Олноо өргөгдсөн Монгол улсын шашин төрийг хослон баригч эзэн хаан Богд Жавзандамбын зарлигаар “Эрдэнийн очир” одонг 1913 онд бий болгожээ. Энэ одон дотроо хэд хэдэн зэрэгтэй байсан бөгөөд гутгаар зэргийн “Эрдэнийн очир” одонгийн гурав, дөрөвдүгээр зэргийн одонгууд эдүгээ Үндэсний төв архивт хадгалагдаж байдаг.
1912 онд Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант Оросод айлчлахад Цагаан хаанаас шагнасан Ариун Аннагийн нэгдүгээр зэргийн одон, Ариун Станиславын нэг, гуравдугаар зэргийн одонгууд мөн адил Үндэсний төв архивт хадгалагдаж байна. Монголын Засгийн газрын төлөөлөгчид Орост айлчлахдаа “Эрдэнийн очир” одонгоороо хойд хөршийн төр засгийн нөлөө бүхий хүмүүсийг шагнасан байдаг. Өөрөөр хэлбэл, шинэ тулгар байгуулагдсан Монгол улс хөрш зэргэлдээ Орос улстай дипломат харилцаа үүсгэхийн эхлэл нь дээрх айлчлал байжээ.