Их эзэн Чингис хааны ач хүү Хубилайн үндэслэн байгуулсан Юань гүрний хамгийн эртний буюу дээд нийслэл “Занаду”-гийн туурин дээр тус хотод зориулсан музей барихаар болсон тухай “Синьхуа” мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, музейн барилгын ажлыг ирэх 6 дугаар сард дуусгасан байхаар төлөвлөж хотын тууринаас олдсон 200 гаруй олдворыг дэлгэн тавих юм байна. Энэхүү хотын туурь ЮНЭСКО-д бүртгүүлэхээр хүсэлт гаргаад буй Хятадын өв соёлуудын жагсаалтад багтаж байгаа юм байна. Тиймээс музейн ажлыг ирэх 6 дугаар сард болох ЮНЭСКО-гийн Дэлхийн соёлын өвийн бага хуралтай давхцуулан дуусгахаар төлөвлөөд байгаа ажээ. Эх сурвалжийн мэдээлснээр, музейг орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглох бөгөөд ингэснээр зочид хотыг бүтээн босгосон үйл явц болон тухайн үеийн амьдрал соёл уламжлалтай илүү ойртон танилцах боломжтой болох гэнэ.