Хоёр бөхтэй тэмээгээ дэлхийн өвд бүртгүүлэхийг шаардав

Өмнөговь аймгийн Соёлын өвийн хөтөлбөр боловсруулах төслийн багийнхан тайлангаа танилцууллаа. “Оюутолгой” төслийн энэхүү хөтөлбөрийн дагуу Ханбогд, Баян-Овоо, Манлай, Даланзадгад сум, цаашид Өмнөговь аймгийг бүхэлд нь хамруулсан соёлын өвийг хамгаалах ажил хийх ажээ. ШУА-ийн болон МУБИС- ийн эрдэмтдээс бүрдсэн монголын баг, гадаадыхантай хамтран өнгөрсөн нэг жилийн хугацаанд биет ба биет бус соёлын өвийг судалсан байна. Тэд археологийн 606 дурсгалыг багтаасан мэдээллийн сан бүрдүүлж, Цогтцэций, Хүрмэн, Гурвантэс, Ноён, Сэврэй суманд газрын зургийн таамаг судалгаанд үндсэн малтлага хийж, 146 биет дурсгал илрүүлжээ. Түүнчлэн археологийн 129 дурсгал барилга байшин дор дарагдах гэж байсныг малтан гаргаж, хамгаалсныхаа заримыг үзэсгэлэнд тавьсан байна. Судалгаа хамгаалалтад аваагүй зүйлээ жуулчид болон ард иргэдэд шууд зарлах нь нилээд эрсдэл дагуулдаг байна. Өмнөговьд байдаг үлэг гүрвэлийн мөрийг тэр хэсэг газрынх нь шороотой хамт ухаад авчихсан тохиолдол байжээ.         Ханбогд, Баян-Овоо, Манлай, Даланзадгад суманд урьд нь биет бус соёлын өв ердөө 42 байсан бол судалгааны багийнхан тахилга шүтээний газруудыг оруулалгүй 150 гаруй бүтээл бүртгэжээ. Тухайлбал зөвхөн говийнхон дуулдаг 100 дууны жагсаалт байсныг илрүүлсэн байна. Түүнчлэн хоёр бөхт тэмээтэй холбоотой монголчуудын зан үйлийн талаархи өв соёл дэлхийд бараг энэ бүс нутагт л байдаг учраас үүнийг судалж хамгаалалтад авах талаар анхаарна гэдгээ судалгааныхан хэлжээ. Ханбогд суманд монгол дээл оёдог хүн хоёрхон байдаг тэгээд ч энд монгол дээл гэхээсээ уурхайн ажилчдын ажлын хувцас өмссөн хүмүүс л амьдардаг болсон гэнэ.