Энэтхэг, Британийн судлаачдын хамтарсан баг Ази тивийн тас шувуу ойрын 10 жилийн дотор устаж үгүй болох магадлалтай байна хэмээн мэдэгдэв. Эрдэмтэд 1992 оноос хойш хийсэн судалгаагаар энэ шувууны нэгэн төрөл болох цагаан нуруутай тасын 90 гаруй хувь нь устаж үгүй болсон нь тодорхой байна. Мөн урт нарийн хошуут тасын төрөл бараг устжээ. Тас шувуудын төрлүүд ийнхүү устаж байгаа нь Энэтхэг, Африкт малын халдварт өвчинд өргөн хэрэглэдэг диклопенак хэмээх эмтэй холбоотой гэнэ. Хэрвээ энэ эмийн хэрэглээг бүр мөсөн хориглох, эсвэл хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээ авахгүй бол байгалийн цэвэрлэгч хэмээн нэрлэгддэг тас шувуу бүр мөсөн устаж үгүй болоход хүрээд байна.