Зүүн хүрээ хийдийн хорин жилийн ой ирэх есдүгээр сард болно. Тус ойд зориулан “Улаан ном” хэмээх 16 боть судрыг 60 орчим лам хоёр өдрийн турш үсэгчлэн унших юм байна. Уг судар нь эртний Зүүн хүрээ Дашчойлин хийдийн шүтээн байсан бөгөөд сүсэгтэн олныг өвчин зовлонгоос гэтэлгэх шидтэй гэж үздэг ажээ. Монгол Улсын ариун шүтээнүүдйин нэг байсан 80 тохой Майдар бурхныг дуганы хамт сэргээн бүтээхээр болсон бөгөөд шавыг нь энэ жил тавихаар болжээ. Бурхныг бүтээхэд Олон Улсын Майдарын төв, Олон Улсын бурхан шашны төв дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа гэнэ. Дашрамд дурдахад 1990 онд их ламтан Ч.Дамбажавын санаачилга, эрдэмтэн лам нар, сүсэгтэн олны дэмжлэгтэйгээр хуучны Хүрээ 30 аймгийн буурийг сахиж үлдсэн Вангай, Эрхэмийн аймгуудын дугануудад түшиглэн Зүүн хүрээ Дашчойлин хийдийг сэргээн байгуулсан түүхтэй.