Хүннүгийн үеийн хааны булш олджээ.

Улаанбаатар Их сургуулийн археологийн тэнхмийн багш судлаачид Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт орших “Гол мод 2” язгууртны булшийг 30 дагуул булш, тахилын байгууламжийн хамт цогцоор нь малтан шинжилж дуусчээ. Энэ газрыг Улаанбаатар их сургуулийн археологийн тэнхмийнхэн 2001 онд илрүүлсэн бөгөөд үүнээс хойш тасралтгүй ажиллаж анхны том булшаа малтаж дууссан нь энэ юм байна. Үүнээс өмнө Хүннүгийн язгууртны булшийг ингэж цогцоор нь малтан шинжилж байгаагүй бөгөөд Монголчуудын хувьд бие даан малтан шинжилсэн анхны томоохон судалгааны ажил боллоо. “Гол мод 2”-ын язгууртны булш малтлага судалгааны ажлын болоод Хүннүгийн эд өлгийн олдвор булшны хэмжээ ажилласан хүн хүч зарцуулсан хөрөнгө мөнгө гээд олон талаар Монголын дээд амжилтыг тогтоожээ. Судлаачид энэ булшийг МЭ 80-100 оны үед амьдарч байсан хүннүгийн хааных байж магадгүй гэж таамаглаж байгаа бөгөөд энд 200 гаруй булш байгааг газрын зурагт тэмдэглэж нэгдүгээр язгууртны булш болон түүний дагуул 27 булшийг малтан шинжилж дууссан нь энэ ажээ. БСШУ-ны сайдын шийдвэр гарч “Гол мод 2” хэмээх энэхүү дурсгалт газрыг улсын хамгаалалтанд авсан байна. Булшнаас олдсон бүх дурсгалаас үзвэл хаан хүний булш болохыг нотолж байгаа ажээ. Олон сүйх тэрэг, алт мөнгөн эдлэл чимэглэл, хойлоглосон малын тоо толгой дагалдуулж оршуулсан хүмүүсийн булшны тоо хэмжээ, алт мөнгөн эдлэлүүдийн ур хийц бэлгэдэл дүрслэлүүд нь хаан хүнийх гэдгийг тодотгож байгаа гэнэ. Дагуул гучдугаар булшнаас шилэн аяга гарсныг судалж үзээд эртний Ромынх болохыг тогтоожээ. Судалгааны багийнхан 2010 онд ХБНГУ-д болсон олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцохдоо “Эртний Хүннү Ромын хооронд худалдаа арилжааны зам байж, түүгээр дамжиж энэ аяга Монголд ирсэн байх” гэж саналаа хэлэхэд тэнд байсан эрдэмтэд тэрхүү шилэн аягыг худалдаж арилждаг тийм элбэг бараа биш, Ромын хаад язгууртнуудын ордонд байсан тансаг хэрэглээний эд, одоо дэлхийд тавхан байгаа,  Монголоос олдсон нь нэмэгдээд зургаа болох юм хэмээн мэдэгджээ.

Урьд өмнө Монгол нутагт байгаагүй олон шинэ зүйлс энэ малтлагаар илэрчээ. Жишээ нь нэг булшнаас өмнө нь 6-7 бүтэн сүйх тэрэг гарсан тохиолдол байхгүй. Балгасын тал дахь “Гол мод 2”-ын Хүннүгийн хааны булш нь Монгол болон ОХУ-ын нутгаас өмнө нь олдож байсан булшнуудаас хамгийн олон буюу 30 дагуул булштайгаараа онцлог ажээ. Энэхүү судалгааны ажлыг Жэнко группийн “Түмэн хишигтэн” компани 100 хувь санхүүжүүлжээ. Төсөлд зургаан эрдэм шинжилгээний ажилтан археологич, антропологич, археологийн болон түүхийн мэргэжлээр суралцаж буй 80 гаруй оюутан, 80 гаруй цэргийн албан хаагч, 20 гаруй инжинер, техникч, жолооч механикч ажиллан Монголын археологийн шинжлэх ухаанд маш том хувь нэмэр оруулжээ. Малтлагын явцад маш олон эд өлгийн зүйл гарч ирсэн бөгөөд Архангай аймгаас УБ хотод авчрахад 60 гаруй хайрцаг болсон байна. Нийт 12-14 сүйх тэрэгний бул цөн гарч ирсэн бөгөөд түүн дотор 6-7 сүйх тэрэг бүтнээрээ олджээ. Өмнө нь малтсан Хүннүгийн үеийн булшнаас нэг сүйх тэрэгний хагас эд анги олдож байснаас ийм олноороо гарч байгаагүй юм байна. Эдгээр олдворыг Монгол улсын соёлын өвийн хуульд заасны дагуу шаардлага хангасан музейн сан хөмрөгт шилжүүлэх ажээ.