Дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж дулаарал идэвхжсэн шалтгааны 70% нь хүний үйл ажиллагаатай холбоотой. Харин өнөөдөр хүн төрөлхтөн хичнээн хичээгээд уур амьсгалын өөрчлөлтийг зогсоож чадахгүй нь гашуун үнэн. Үүний нэг бодит жишээ нь Антарктид. Өнөөдөр ӨАБНУ-ын Дурбан хотноо дэлхийн ихэнх орны байгаль орчны сайд нар чуулан уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх талаар ярилцаж байна. Гэвч дэлхийн бүх улс орон нийлж яаж ч тэмцээд өнгөрсөн хугацаанд хайлсан Антарктидын мөсийг нөхөж чадахгүй нь ойлгомжтой. Антарктидын мөс хайлж эхэлсэн талаар 10 гаруй жилийн өмнөөс яригдах болсон. Дэлхийн хоёр туйлд амьдардаг тэр их мөсөн ертөнцөөс хол амьдардаг Монголчуудад тухайн үед энэ асуудал падлийгүй мэт байв. Харин өнөөдөр бид туйлын мөсөнд санаа зовохгүй байхын аргагүй болжээ. Хэрэв хойд туйлын мөс тэр чигтээ хайлбал далайн усны түвшин 60 метрээр дээшилнэ гээд бод доо. Энэ тооцоог эрдэмтэд олон жилийн өмнө хийсэн юм. Үнэхээр бүрмөсөн хайлбал эх дэлхий дээр эх газар бараг үлдэхгүй болно. Одоо дуусахгүй мэт харагдах их мөс бүхэлдээ хайлах нь тодорхой болжээ. Антарктидын мөсийг 34 сая жилийн өмнөөс үүссэн гэж үздэг. Зуун сая жилийн туршид бүрэлдсэн уг мөсөн бүрхүүл Антрактидын 98 хувийг эзэлдэг. Гэвч эрдэмтэдийн хамгийн сүүлчийн судалгаагаар зөвхөн өнгөрсөн есдүгээр сард л гэхэд Хойд туйлын мөсний 4.61 сая шоо километр нь хайлжээ. Энэ үзүүлэлт хайлалтын жилийн дунджаар хамгийн ихэд тооцогдож буй юм. Өнгөрсөн 10 жил тутамд Антарктидын мөсөн бүрхүүлийн 12 хувь нь ус болсоныг эрдэмтэд тогтоосон юм. Хэрэв дэлхийн дулаарал яг энэ эрчээрээ үргэлжлэх юм бол 2100 он гэхэд Хойд туйлын мөс тэр чигээрээ хайлж дуусахыг тэд тооцоолжээ. Бүхэл бүтэн 100 сая жилийн туршид үүсэн бий болсон мөсөн ертөнцийг хүн төрөлхтөн 100 гаруйхан жилийн дотор ул мөргүй болгох нөхцөл байдлыг бүрдүүлчихсэн гэж бодохоор аймшигтай. Антарктидын мөсөн бүрхүүл үүссэн 100 сая жилийн явцад дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн хэмжээ 40 хувиар багассан болохыг тогтоосон байна. Антрактид үүсэхийн өмнө манай дэлхий чийглэг уур амьсгалтай байсан бөгөөд Өмнөд болон Хойд туйлд хөхтөн, хэвлээр явагч, хоёр нутагтан амьдардаг байсан гэдэг. Харин агаарын температур хурдацтай доошилж хүйтэрсэнээс уг амьтад устаж үгүй болжээ. Өөрөөр хэлбэл агаар мандал дахь нүүрстөрөгчийн хэмжээ хэт ихэссэнээс дэлхийн дулаарал явагдаж буйтай адил нүүрстөрөгч багасахад цаг агаар хүйтэрдэг болохыг олж тогтоосон байна. Туйлын мөсөн давхарга дэлхийн хүйтэн болон дулаан салхины урсгал, хур тунадасны байдал, салхины хүчинд нөлөөлөхөөс гадна бүс нутгийн температурыг тогтворгүй болоход нөлөөлж байгаа. Яагаад нүүрстөрөгчийн хэмжээ мөсөн далайг хайлах хүртэл нэмэгдсэн нь ойлгомжтой асуудал. Уг нь хүн төрөлхтөн үүнийгээ ухамсарлан 1997 онд дэлхийн 140 гаруй орон Киотогийн протоколд нэгдсэн. 2010 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлын хэмжээг 5 хувиар бууруулахаар тохиролцсон гэдэг. Харамсалтай нь улс орнууд амлалтаа биелүүлсэнгүй харин улам ихээр ялгаруулах болжээ. Зөвхөн 2010 онд нүүрстөрөгчийн хэмжээ 5.9 хувиар нэмэгдсэн байна. Уг нь нүүрстөрөгчийн 30 хувийг далайн ус шингээн аваад гүндээ нууцлан хадгалж байдаг байгалийн тогтоцтой ажээ. Гэтэл агаарын температур хэт ихсэж халуун болж байгаагаас энэ үйл явц эсрэгээрээ эргэж далайн ус шингээн авсан нүүрстөрөгчөө агаарт дэгдээх болсныг эрдэмтэд тогтоосон. Энэ мэтчилэн манай гаригийн амьдралын бүхий л хэв маяг дэлхийн дулаарлыг нэмэх хөшүүрэг болж байгаа тул Антарктидын мөс хайлах явцыг зогсоохоос нэгэнт өнгөрчээ. Бөмбөрцгийн зах 90 градусын хүйтэнд амьдардаг амьтад байх суух газаргүй шахам болж мөс эрэн туйлдаж байгааг гаднын сэтгүүлч дурандаа буулгасан байна. Хойд туйлын өнөөгийн төрхийг буулгасан уг зургийн заримыг харахад Монголын хөдөө талтай андуурмаар. Хахир ширүүн уур амьсгалд тэсэн ургадаг цөөхөн хэдэн зүйлийн ургамал бүл нэмж, далайн эрэг зарим газраараа бүр ногоорчээ. Энэ бол Антарктидын мөхлийн эхлэл юм.