Иерусалимд дэлгэсэн “Ньютоны нууц” нэртэй үзэсгэлэнд аугаа математикчийн дэлхийн татах хүчний хуулийг хэрхэн нээсэн зэрэг сонирхолтой гар бичмэл болон бусад материалыг үзэгчдийн хүртээл болгож байна. Амьдралын сүүлийн өдөр хүртлээ чандлан нууцалж байсан хэмээдэг тэдгээр гар бичмэл дотор дэлхийн төгсгөлийн талаарх түүний таамаглал байгаа нь судлаачдын анхаарлыг юу юунаас илүү татаж байна. Түүний таамгаар бол 2060 онд дэлхий сүйрч магадгүй гэнэ. 1704 онд бичсэн тэрхүү гар бичмэлийг 1936 онд Лондонд болсон “Сотбис” дуудлага худалдаагаар анх зарсан бөгөөд цуглуулагчдын гар дамжсаар байгаад Иерусалимын номын санд очсон юм байна. Сонирхуулахад шинжлэх ухаанд бүхий л амьдралаа зориулсан И.Ньютон бурханд итгэдэг байжээ.