Модунь Шаньюгийн байлдааны тактикийг онцолсон “Хүннү” дуурь

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид ижилсэн гоёдог ногоон дүрэмт хувцасаа хэдхэн хоногийн дараа үндэсний дээлээр солихоор зэхэж байна. Ингэхдээ 2220 жилийн өмнөх түүхийг амилуулах учираас эрдэмтэн судлаач нартай хэлэлцэн өмсөх хувцас барих зэвсгээ базаажээ. Дуурийн эхлэлд өвгөн хуурч Модунь шаньюгийн тухай тууль хайлна. Модунь төр барьж буй эцгийнхээ бодлогыг хэрхэн эсэргүүцэж амийг нь егүүтгэсэн болон түүний цэрэг эрс Модуныг сэтгэл нэгтэй дагаж байгаа тухай өгүүлнэ. Харин дуурийн нэгдүгээр үзэгдэл Хан улсын хааны ордонд өрнөдөг. Дунху улсад найр тавин хүлэг морь, хайртай хатнаа илгээсэн Модуны тухай Хан улсын түшмэдүүд доог тохуу хийн ярилцана. Тэдний яриа оргилдоо хүрч амжаагүй байтал Модунь санаанд оромгүй шийдвэр гаргаж үржил шимгүй газраа өгөхийг шаардсан Дунху улсын элчийг егүүтгэж хүрэн чулуун зүрхтэнээ нотолсон аймшигт мэдээ ирдэг. Модунь шанью “газар бол улсын үндэс” гэдэг үзлээрээ түүхэнд мөнхрөн үлдсэн. Эл дуурьт ч энэ тухай өгүүлнэ.