Ноён хутагтын өлгий нутаг Дорноговь аймгийн харьяат сэхээтэн залуус “Дорноговь” клубыг саяхан үүсгэн байгуулжээ. Тус клубынхэн нийгэм, олон нийтэд тустай үйлсээр ажлаа эхлүүлж байгаа гэнэ. Тэд Хан Баянзүрх хайрхан буюу олны нэрлэж заншсанаар “Хүслийн Хар уул”-ын байгаль орчныг хамгаалах санаачилга гаргажээ. Энэ ажлынхаа хүрээнд Хан уулын оргил өөд гарах хүмүүст зориулж 300 метр урт, 2.6 метр өргөн шат тавьсан байна. Мөн 300 мянган жилийн настай байгалийн боржин чулуугаар хийсэн 4 метр өндөр бурхан багшийн хөшөөг Хар ууланд босгохоор болжээ. Хөшөөний шав тавих ёслолд Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат оролцож бурхныг аравнайлах гэнэ.