Дүрслэх урлагын шилдэг бүтээлүүдийг 50 сая төгрөгөөр худалдаж авна.

Хөгжмийн том хэлбэрийн болон дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах тухай Засгийн газрын тогтоолын дагуу 1998 оноос хойш жил бүр 20 сая төгрөгөөр дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг, 12 сая төгрөгөөр хөгжмийн бүтээлийг худалдан авдаг болжээ. Улмаар 2006 оноос хөгжмийн том хэлбэрийн бүтээл дүрслэх урлагийн шилдэг бүтээл, шилдэг ном худалдан авахад зориулан тус бүр 50 сая төгрөг баталжээ. Гэвч тухайн бүтээлийн үнэлгээ болон шүүгчдийн дүгнэлтээс хамааран жил бүр харилцан адилгүй үнээр бүтээл худалдан авдаг юм байна. Жилд дунджаар дүрслэх урлагийн 13-15 бүтээлийг шилдгээр шалгаруулан улсын санд худалдан авч, Уран зургийн галерейн сан хөмрөгийг баяжуулдаг ба өдгөө тус галерей 3500 орчим бүтээлээр арвижжээ. Дашрамд дуулгахад 2010 онд Ё.Далх-Очирын “Цагаан Агула” , ”Т.Энхболдын “Нүүдэл суудал”,  Д.Батзоригийн “Хэзээ ч ургадаггүй мод”, Г.Сэрээтэрийн “Дэлгэрхангайн зун”, С.Дагвадоржийн “Миний газар шороо”, П.Цогтбаатарын “Базар өвөө явж байна”, Д.Дорждэрэмийн “Эх”, Ц.Энхжингийн “UM 1”, Ц.Цэгмидийн “Ертөнцийн цуурай”, Ц.Эрдэнэцогтын “Тэнгэрийн цааз”, С.Бадралын “Хөвгүүдийн дуун”, Д.Баттөмөрийн “Түрүү морьтны магтаал”, Б.Чогсомын “Тарлан хайрхан”, гэсэн 13 бүтээлийг 40 сая төгрөгөөр улсын санд худалдан авчээ.