Дэлхийд
анхны дархан цаазат газар 1861 онд Африк тивд бий болсон хэмээн үздэг аж.
Гэхдээ монголчууд үүнээс өмнө буюу 1778 онд Богд уулыг албан ёсоор дархалсан
түүхтэй. Улмаар 1809 оноос эхлэн уг уулын амуудыг тусгайлан хамгаалах цагдаатай
болгож, нутаг дэвсгэрт нь орох зөвшөөрлийг Богд хаан өөрөө гардан олгодог дэг
журам тогтоосон байна. Түүнчлэн 1818 онд Отгонтэнгэр Богд Очирваань, Булган
уулыг албан ёсоор дархлагдсан газар болгон зарлаж байжээ. Харин 1911 онд Богд
хаант Монгол Улсыг тунхагласны дараа Богд уулыг “Богдхан Хайрхан уул” хэмээн
нэрлэж, хамгаалах захиргааг байгуулсан байна. Үүнээс хойш 1950-иад оны үеэс
газар нутгийг тусгай хамгаалалтад авах ажлыг дэс дараатай хийж иржээ.
Тухайлбал, 1957 онд Батхаан, Нагалхан, 1965 онд Урантогоо, Тулга-Жалавч, Булган
уул, Ёлын ам, Лхачинвандад уул зэрэг газрыг дархан цаазтай болгосон түүхтэй.
Харин 1975 онд говийн байгаль, ховор амьтдыг хамгаалах зорилгоор Говийн их
дархан газар, 1977 онд Хөх сэрхийн нурууг дархалсан байна.