Цанын бааз үйлчлүүлэгчдээ “бугуйвч” зүүлгэнэ.

Скай ресорт цанын бааз 3 дахь улирлын нээлтээ 11 дүгээр сарын 26-нд хийжээ. Цаг агаарын байдлаас шалтгаалан харьцангуй оройтож нээгдэж байгаа бөгөөд хиймэл цасаа агаарын хэмийн хасах 4 хэмд ус болон хийн өндөр даралтаар шахаж цасны бууны тусламжтайгаар хийдэг онцлогтой ажээ. Гүйлтийн цанын замаа илүү сонирхолтой байдлаар засаж уртасган, өндөр зэрэглэлийн үйлчилгээ бүхий VIP lounge байгуулжээ. Смарт гейт хэмээх үйлчилгээний технологийн туршилтаа нэвтрүүлэх бөгөөд энэ нь цаасан билет хэрэглэхгүйгээр бүх мэдээллээ электрон бугуйвчинд оруулж, үйлчлүүлэгчдийн хувийн мэдээллийн сантай болох ажээ. Нэг бус удаа давтан ирж буй хүмүүс энэ бугуйвчийг зүүснээр өмсөж байсан гутлын размер, өндөр зэргээ дахин мэдээлэх шаардлагагүй, цаг алдахгүй, олон удаа үйлчлүүлсэн нь бүртгэгдсэнээр янз бүрийн урамшуулалд хамрагдах, бусад үйлчилгээг илүү түргэн шуурхай авах, дугаарлан зогсохгүй, онлайнаар захиалга өгөх зэрэг олон давуу талууд гарч ирж байгаа юм байна.