“Mongolia ITF-2011” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

Аялал жуулчлалын салбарыг Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон зарласнаас хойш энэ ажлын хүрээнд хийж буй томоохон арга хэмжээний нэг нь “Mongolia ITF” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн юм. Үзэсгэлэнг зохион байгуулах гол ач холбогдол нь аялал жуулчлалын салбар хэр хурдацтай, дэвшилттэй, ямар түвшинд  хөгжиж байгааг харуулах явдал бөгөөд сүүлийн үед оролцогсдын тоо эрс нэмэгдэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв хамтран “MONGOLIA ITF-2011” долоо дахь удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 12 сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд уламжлал ёсоор зохион байгуулна. Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, Англи, БНСУ, Испани зэрэг орнуудын бизнесийн төлөөлөл, “Их Түмэн гол”, “Цайны зам” олон улсын төсөл хөтөлбөрийн удирдлагууд оролцохоос гадна уламжлал ёсоор 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, бизнесийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, өөрийн аймгийн талаарх сонирхолтой илтгэлүүд тавихаар төлөвлөж байна. Түүнчлэн, Монгол Улсын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй тур оператор, зочид буудал, жуулчны бааз, авиа компани, төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөр, урлаг соёлын байгууллага, гар урлалын үйлдвэрлэл эрхлэгч зэрэг 80 гаруй байгууллага үйл ажиллагаагаа сурталчилна. Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Кемпински Хаан палас зочид буудал, ивээн тэтгэгчээр Нью жуулчин турс, Блэк Айбэкс Экспедишнс, Сувенир хаус, дэмжигчээр Монголын иргэний агаарын тээвэр ХК, Аэро Монголиа, Аэр маркет зэрэг байгууллага хамтран ажиллаж байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэ үзэсгэлэнгийн үеэр урлаг соёлын олон арга хэмжээ явагдахаас гадна гадаад дотоодоос уригдан ирсэн аялал жуулчлалын мэргэжилтэн, зөвлөхүүд төрөл бүрийн сонирхолтой сэдвээр богино хэмжээний уулзалт семинар зохион байгуулж, харилцан туршлага солилцох, зөвлөгөө өгөх зэрэг  үйл ажиллагаа явагдана.