Хөрсний усны нөөцийг нарийвчлан тогтооно

Улаанбаатар хотод хөрсний усыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж эхэлсэн байна. Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар "ГАУФФ инженеринг", "Монхидро констракшн" компаниуд хамтран Улаанбаатар хотын хөрсний усыг ашиглах ажлын техник, эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн 3D модел буюу гурван хэмжээст газрын зураглалыг хийсэн байна. Анх удаа хийгдэж байгаа энэ ажил манай нийслэлийн хөрсний усыг ашиглаж, зарцуулахад ихээхэн ач холбогдолтой ажил болсныг мэргэжилтнүүд онцолж байв. 3D моделийг сансраас хиймэл дагуул ашиглан хийсэн бөгөөд хотын хаана, аль хэсэгт хичнээн усны нөөц байгаа талаар, ямар чанартай хөрсний ус байгааг нарийвчлан тодорхойлохоос гадна энэхүү усыг хаана, юунд ашиглах урьдчилсан тооцоог гаргаж эхэлжээ. Судалгааны багийн мэдээлснээр эхний ээлжинд орон сууцны саарал ус буюу бие засах газраас бусад хэрэгцээнд ашигласан усыг цэвэршүүлж дахин ашиглах талаар судалгаа хийжээ. Цэвэршүүлсэн усыг ундны уснаас бусад зүйлд хэрэглэх юм байна. Харин цэвэр усаа зөвхөн хүнсэндээ хэрэглэж байх гэнэ. Мөн 3D моделийн хүрээнд "Сэлбэ" голын урсацыг нэмэгдүүлж, гол хэвээр нь байлгах нөхцөлийг урьдчилан төлөвлөж гаргажээ. Энэ системээр газрын доорхи усны талаар байнга мэдээлэл авч, мониторинг бий болгох ач холбогдолтой аж. "Монхидро констракшн" компанийн Захирал Ц.Батдорж Дэлхийн зарим улс орон цэвэр усны хомсдолд орж олон хүн амь насаа алдаж байна. Манай улсын хувьд цэвэр, цэнгэг ус төдийлөн их биш. Ялангуяа манай нийслэл ундны усны нөөц хэдэн жилийн дараа хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрэх болно. Тиймээс энэ төслийг дэлхий нийтийн жишгийн дагуу хэрэгжүүлж эхлэхээр бид ажиллаж байгаа юм.Манайхан цэвэр усаар жорлонгийнхоо усыг татаж, гараа угааж хайр найргүй зарцуулж, үргүй зардал гаргаж байна. Тиймээс энэ төслийг хэрэгжүүлж эхэлснээр хотын орчны хөрсний усыг дахин ашиглаж хэрэгцээндээ зарцуулан, харин цэвэр усаа зөвхөн хүнсэндээ хэрэглэх боломжийн эхлэлийг тавьж байгаа юм" гэв.