Мээм хадыг тойрон өнгөрвөл эхийгээ гомдоосонтой ялгаагүй

Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос 38 км-ийн зайд орших Хамарын хийдэд өөр өөрийн гэсэн түүхийг өгүүлэх байгалийн ховор содон тогтоц, зуун зууны түүх өгүүлэх туурь, хүслийг биелүүлэгч Ханбаянзүрх уул, Хутагтын рашаан, Үлэг гүрвэлийн чулуужсан яс, Мээм хад зэрэг нүд хужирлаж, сэтгэл баясгасан зүйл олонтаа таарна.Эдгээр туурь, балгасын дотор Мээм хад нь сонин, содон өвөрмөц тогтоцтой. Догшин ноён хутагт Данзан Равжаагийн аравнайлан дээдэлсэн Мээм хадны түүх, ёс жаяг нэн сонирхолтой. Ноён хутагт эл хадыг ээждээ зориулан босгожээ. Зөвхөн эмэгтэйчүүд сүү өргөн сүслэн залбирч, энэхүү хаданд үр хүүхэдгүй нэг нь үр гуйж, эхтэй нь эхийнхээ буян заяаг даатгаваас хүсэл биелэх нигууртай ажээ. Энэ хаданд хүслээ шивнэн, аминчлан гуйсан хэний ч болов хүсэл, зоригийг сонсон биелүүлдэг шидтэй. Эдүгээ Хамарын хийдэд морилон очих хэний ч замыг тосон угтах Мээм хаданд сүү, цацал өргөхгүй буцах нь эхийнхээ хайрыг умартах лугаа хяслантай гэж нутгийн зон олон хуучилж иржээ.