Шилийн сайн эрсийн агуй

Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн нутагт алдарт Хаалган гол харгиатан урсч байдаг билээ. Түүний хөвөөнд олон нүхэн цохиотой асар хэлбэртэй жижгэвтэр уул байдаг. Тэдгээр нүхэн цохионуудыг нутгийн олон "Шилийн сайн эрсийн агуй" хэмээдэг. Учир нь тэнд олон сайн эр бууж морддог байсан төдийгүй тэдний морины том, жижиг уяа шонгууд одоо ч байдаг. Уулын бэлд байх таван метр урттай, 1.7 метр өндөртэй агуйд шилийн сайн эрс тухалдаг байсныг нутгийн олон амнаас ам дамжин ярьсаар иржээ.