Их хөлгөн судар ганжуур, данжуурыг крилл үсэгт буулгаж байна

Их хөлгөн судар Ганжуур, Данжуурыг крилл бичигт буулгах ажлыг “Цогт цагийн хүрдэн” Соёлын төвөөс санаачлан хийж байгаа ажээ. Энэ талаар тус төвийн тэргүүн Г.Буяндэлгэр дараах мэдээллийг өгөв. Тус төвийнхөн арваад жилийн өмнөөс төлөвлөж, бэлтгэл ажлаа базаасан. Жилийн өмнөөс хөрвүүлэх ажлаа эхэлж, одоогийн байдлаар 10 ботийг нь хэвлүүлээд, долоон ботийг нь хэвлэлтэд шилжүүлэхэд бэлэн болсон. Ганжуурыг XV-XVI зууны үед, Данжуурыг 1721-1726 онд монгол хэл рүү орчуулсан байдаг. Тэрхүү монгол эхээс крилл бичиг рүү буулгаж байгаа ч төвд, хятад, манж хэлнээс харах зүйл олон гарч байна. Манж, төвд, хятад, монгол хэлийг сайн эзэмшсэн 40 орчим лам, МУИС-ийг хэл шинжлэлийн мэргэжлээр төгссөн судлаачид хөрвүүлэх ажлыг гардан хийж байгаа. Одоо бидний ажил жигдэрсэн. Сард дөрвөн боть хэвлүүлэхээр төлөвлөсөн. 2016 оны 6 дугаар сард дуусах төлөвлөгөө гарсан ч үүнээс өмнө дуусгахыг хичээн ажиллаж байна. Монголчуудын соёлын их өв, шинжлэх ухааны гайхамшигт бүтээл болох их хөлгөнөө алдаагүй, зөв буулгах нь бидний гол зорилго хэмээн хэллээ.