Эзэнт гүрний түүхийн нууц дэлгэгдсээр

Энэ онд Монголын түүхэнд холбогдолтой ховор нандин дурсгалууд олон газар олджээ. Түүний нэг нь Оросын эрдэмтэд Монголын нутгаас Ляо эзэнт улсын эртний барилга байгууламжуудын туурийг илрүүлсэн байна. Өвөр Байгалийн хязгаар бол Чингис хааны эзэнт улсын нэг хэсэг байсан гэдэг. Чингис хааны хэрэмийн үлэмж хэсэг нь энд байсан гэж эрдэмтэд тогтоосон байна. Цагаан хэрэмтэй төстэй уг хэрэм нь их хааны эзэнт улсын хил хязгаарыг тогтоон зааглаж байсан гэх. Чингис хаан дайчин гавьяаг нь үнэлэн энэ нутгийг өөрийн ач хүүдээ бэлэглэж байжээ. Түүхчид энэ газрыг Хирхириний балгас хэмээн нэрлэсэн байна. Хархорум дахь Өгөөдэй хааныхаас дутахааргүй маш гоёмсог тансаг ордон энд сүндэрлэн боссон байжээ. Оросын Өвөр Байгалийн хязгаарийн эрдэмтэд Оросын болон Монголын нутаг дэвсгэрт малтлага хийжээ. Археологчид Окошки довонд малтлага хийх явцдаа олон үеийн эртний булшууд илрүүлжээ. Нэг булшийг нээхэд 12 зууны үеийн язгууртан эмэгтэйн эд хэрэглэл олджээ. Өвөр Байгалийн хязгаарын Окошки дов бол нийтдээ томоохон булш бөгөөд нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүсийг энд оршуулжээ. Булшний ихэнхийг тоносон нь судалгаанд саад учруулж байгаа аж. Монголчууд Өвөр Байгалийн хязгаарт оршин сууж байсан хятад, эвен, тунгус, бахай зэрэг олон үндэстнээс их зүйлийг зээлдэн авсныг эртний эд хогшил нотолгоо болж байгаа гэнэ. Өвөр Байгалийн хязгаар нь Амар, Лена, Енисей, Сэлэнгэ зэрэг хэд хэдэн томоохон мөрний сав газарт оршдог учир олон соёл хоорондоо харилцаж байсан нь судалгаагаар нотлогджээ. Мөн Монголчуудын суурин соёл төлөвшснийг нотлон харуулсан баримтууд олджээ. Мөн Сибирийн бүс нутгаас малтлага хийх явцад олдсон монголчуудын гоёл чимэглэлийн зүйлс Хатад хийцийн толь, гаанс зэрэг нь нотолдог байна. Орос Монголын эрдэмтэд Өвөр Байгалийг археологийн хувьд сонирхолтой бүс нутаг гэж үзэж байгаа бөгөөд энэ бүс нутгаас хэтдээ нандин олдворуудыг олж болно гэж үзэж байгаа гэнэ. Ийнхүү эзэнт гүрний нууц дэлгэгдсээр байна.