Дэлхийн “00”-ийн өдөр

11 сарын 19 бол Дэлхийн “00”-ийн өдөр юм байна. Бидний тэгтлээ их бодож, анхаарал хандуулаад байдаггүй бие засах газар гэгч хэчнээн чухал болохыг нийгэмд таниулж, үүнтэй холбоотой хэрэглэгчдийн эрхэд анхаарлаа хандуулах баярын өдөр юм. Энэ баярыг 2001 оноос хойш Сингапур улсад төвтэй Дэлхийн жорлонгийн холбоо санаачлан дэлхий даяар тэмдэглэж ирсэн бөгөөд дэлхий даяараа жорлон, ариун цэврийн асуудлыг сайжруулахын төлөө ажилладаг байна.Тус байгууллагыг анх Сингапур улсад Жак Сим гэж хүн үүсгэн санаачилж, эдүгээ 56 орны 200 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэжээ. Дэлхий дээр 2,6 тэрбум хүн жорлон буюу шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн гачигдалтай амьдарч байна. Энэ байдалд тусламж дэмжлэг үзүүлэх, хандив цуглуулах арга хэмжээнүүдийг өндөр хөгжилтэй олонх орон тэмдэглэлт өдрөөр зохион байгуулдаг аж. Зарим газар улс орныхоо хэмжээнд жорлон, ариун цэврийн байгууламжийн асуудлыг сайжруулахад анхаарлаа хандуулдаг байна. АНУ-д оны шилдэг жорлон шалгаруулах уралдаан хүртэл зохион байгуулдаг байна. Англид жил бүр энэ өдрүүдэд “Голден поо” нэртэй олон улсын уран бүтээлийн уралдаан зохиогддог. Сайхан бие засах газартай байхын ашиг тус, эрүүл ахуйн зөв дадлыг уран сайхны аргаар илэрхийлэн хүмүүст хүргэх зорилготой энэ уралдаан 2010 онд богино хэмжээний анимашн бүтээлийн чиглэлээр явагдсан бол энэ удаа хошин шог өгүүллэгээр өрсөлдүүлнэ. Уралдаанаас шалгарсан бүтээлүүдийг олны хүртээл болгож, жорлонгүй үй олон хүнд туслах, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах үйлсэд олсон орлогыг зориулдаг.
Харин манай орны хувьд Дэлхийн “00”-ийн өдрийг анх удаа тэмдэглэх гэж байна. “Эй-Си-Эф Монгол” олон улсын байгууллага санаачлан Усны газар, Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба, Улаанбаатар сангийн Сити тойлет төсөл,  МУЗН, UNICEF, Таван богд ХХК зэрэг байгууллага хамтран байнга дэргэд мөртлөө ямагт орхигддог энэ асуудлын чухлыг танд сануулж, ач холбогдлыг нь өргөх ажлууд зохион байгуулж байна.