Ганга нуурыг авран хамгаалах ажил эхэлжээ

Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас санаачлан Усны газар, Ус цаг уурын хүрээлэн, ШУТИС Гидрогеологийн баг, ХААИС-ийн Байгалийн ухааны сургуулийн мэргэжилтэн, судлаач эрдэмтэд, Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, ард иргэдийн оролцоотойгоор "Ганга нуур байгаа болохоор миний эх орон хэзээд мөнх юм" сэдэвт хэлэлцүүлгийг Дарьганга суманд зохион байгуулсан байна.Ганга нуур нь Дарьганга сумын төвөөс зүүн урагш арваад километрт Молцог элсний зүүн хойд захад орших хоёр орчим хавтгай дөрвөлжин километр талбайтай, цэнгэг устай нуур юм. Ганга нуур орчмын нутгийг 2004 онд улсын тусгай хамгаалалтад авсан байна. Уг нуурын усны түвшин 2008 оноос багасч улмаар энэ жилээс бүр ширгэх аюул нүүрлээд байгааг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас гаргасан "2007 онд нуурын усны түвшин захдаа 40-50 см, голдоо 1.5 м байсан бол өнөөгийн байдлаар захдаа 18-25 см, голдоо 0.5 м гүнтэй, гол хэсэг харагдах болсон нь өмнөх дөрвөн жилийнхээс даруй 200-300 м дотогшилж, гүн нь багасч байна" гэсэн мэдээлэл түгшүүр төрүүлж байна. Мөн жил бүрийн намар Ганга нуурт чуулдаг хунгийн тоо толгой ч зуу орчмоос хэтрэхгүй болж, зэргэлдээх Холбоо, Хошмогийн нууранд цугларах болжээ. Хүчтэй салхи, хавсаргатай өдөр хоногийн тоо олширсоноос элс шуурч нуурын усыг дарсан, мөн урин дулааны улиралд нуурын орчимд гуч гаруй мянган мал бэлчээрлэж, хүний зохисгүй үйл ажиллагаа болон цаг уурын өөрчлөлт, дулаарал, ууршилт. нэмэгдсэн зэрэг нь Ганга нуурыг ширгэхэд голлох нөлөө үзүүлжээ.Хэлэлцүүлэгт оролцогчид Ус намгархаг газрыг хамгаалах Рамсарын конвенци, "Bird life international" олон улсын байгууллагын шалгуураар болон мөн шувуудад чухал газарт Ганга нуур багтдаг тул нуурын өнөөгийн нөхцөл байддын талаархи тулгамдсан асуудлыг конвенцийн газарт хандаж судалгаа шинжилгээний болон хөрөнгө санхүүд анхаарал хандуулж, хамтран ажиллах нь зүйтэй гэж үзлээ.Ганга нуурыг сэргээн хамгаалах нь ус намагархаг газрыг зориудаар хамгаалах анхдагч ажил болж буй тул шийдвэртэй, бодит арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, үр дүнг улсын хэмжээнд сурталчилахаар болжээ.