Хөөрөг нь хүн төрөлхтний хэрэгцээ
болоод хэдэн зууны нүүр үзжээ. Урлаг соёл, зан заншил, өв, үнэт эдлэл гэсэн
олон ойлголтуудын нэгдэл юм. Мөн Монголчуудын зан үйлийг илэрхийлдэг эрчүүдийн
нэг гол гоёл чимэглэл. Монгол хөөрөгт чулуу, чулууны бүтэц, нэн ялангуяа
толгойн хийц, үнэ цэнэ чухал байдаг. Монголчууд эртнээс шүр, хаш, мөнгө,
чүнчигноров, пийсүү, гартаам, оюу номин, болор зэрэг олон төрлийн чулуугаар
хөөрөг хийж иржээ. Шүрийг зөнч мэргэдийн сахиусан чулуу гэх нь бий. Шүр нь атаа
жөтөө, хар хорын сэтгэлийг зайлуулж, муу бүхнээс хамгаалж, аянга цахилгааныг
зайлуулдаг. Мөн ой тогтоолтыг сайжруулж, шарх сорви, яр эдгээж, ангиныг анагаах
ач тустай. Төрөх гэж буй эх цагаан шүрэн хөөргийг алганы хээгээр үрэхэд хүндрэлгүй
төрдөг аж.