Хүний гараар бүтээсэн сод туурвил, дахин давтагдашгүй
агуу бүхнийг бид гайхамшиг хэмээдэг. Хосгүй авьяас ухааныг биширдэг, магтан
дуулдаг, басхүү тэр зүйл мөнхөд үнэ цэнээ хадгалсан хэвээр байдаг. “Нүүдэлчин
монголчууд ”, “Онгон байгалийн зэрлэгүүд
”гэж цоллуулдаг монгол түмний өвөг
дээдэс дэлхийн чихийг дэлдийлгэж, алмайруулсан хосгүй гайхамшгийг туурван, он
цаг, дайны хөлд үгүй хийчихэлгүй үр
хойчдоо үлдээж чадсан билээ. Есөн
эрдэнийн чулуугаар, алт, мөнгөөр ном бичсэн агуу ард түмэн манайхаас өөр
дэлхийд хаа ч байхгүй. Ганцхан судар бүтээхийн тулд 53 кг алт зарцуулж, зүгээр ч нэг нялаад орхичихоогүй,
уран дархан, сийлбэр, хатгамал, бичиг соёлын дахин давтагдашгүй хосгүй үнэт
бүтээл болгон туурвисанд хамгийн гол учир
нь бий. 1921 онд О.Жамъян, Цэвээнжамсранов, Бат-Очир, Дашням нарын сэхээтнүүд хувийн номын сангаасаа
2000 ном хандвилсанаар өнөөгийн үндэсний номын сангийн үндсийг тавьсан гэдэг. Үүний дараахан буюу 1924 онд Богд хаан таалал
төгсөж, Богдын ордны бүх ном судрыг
Үндэсний номын санд авчирснаар номын өргөөний сан хөмрөг үлэмж аривжжээ. Үндэсний номын сан энэ өдрүүдэд 90 жилийнхээ ойг тэмдэглэж байна. МҮНС-д хадгалагдаж буй бүтээлүүдын дотор Бөртө чоно, Гоомараас эхлэн 42 үеийг хамарсан угийн бичиг, Бурхан багшийн номлосон “ Ганжуур” –ын 108
боть, түүний тайлбар “ Монгол шунхан данжуур” –ын 226 боть их хөлгөн судраас гадна цэвэр мөнгөн хуудсан
дээр шижир алтаар шарж бичсэн “Сандуйн жүд” цалин цагаан мөнгөн хуудсан дээр
шижир алтаар урласан “Доржзодов” хэмээх хөлгөн судар , дэлхийн ганц хувь байдаг
есөн эрдэнийн “Ганжуур” , алтан үсэг,бурхантай “Жадамба” зэрэг үнэт ховор бүтээлүүд бий. Үндэсний номын
сан 4 орчим сая номтой бөгөөд үүний дийлэнх нь 1,5 сая нь төвд номын фондод
байдаг байна. XVI зууны хоёрдугаар хагасд Монголд буддын шашин хүчтэй дэлгэрсэн үеэс
ном судрыг төвд хэлээр бичих болжээ.
Тийм учраас тэр үед хамаарах ном зохиол зонхилдог байна.