Зүчи хааны бунхан сүйтгэгджээ

XIII зууны байлдан дайгуулалтын үед 200 гаруй хот сууринг эзэлж, 50 орчим томоохон тулаанд ялж гарамгай гавьяа байгуулж явсан Чингис хааны том хүү Зүчийн бунхан Казакстан улсын Жезказган хотоос 50-иад километрын зайд орших Хар Хэрлэн голын бэлчир нутагт байдаг ажээ. Заншил ёсоор дээдсийн нойрсох нутгийг “Их хориг” гэдэг. Үүний учрыг тайлбарлах шаардлагагүй биз. Гэтэл энэ үгийн утга харийн Казакстан улсад хамааралгүй бололтой. Уг түүхийн дурсгалт газрыг үзээд ирсэн соёл судлаач Ц.Санчирын тэмдэглэлд бичсэнээр “Он цагийн эрхэнд үү, шинжилгээний ангийнхны ажлын үр дүн үү, тэр гэхийн тэмдэггүй сэндийлсэн газар овоолсон шороо нэлээд хэд байлаа. Мөн их хаантай зэрэгцэж нойрсохыг хүссэн шинэ цагийн оршуулгууд ч нэлээд хэд байсан. Мөн Зүчи хааны бунхныг яг дуурайж өрсөлдөх мэт арай томоор барьсан шинэ мянганы шавар нь хатаагүй бунхан байсанд гайхаж эгдүүцэснээ нуух юун” гэжээ.  Мөн бунхан хаалга үүд байхгүй болсон бөгөөд шувууны сангас хөглөрсөн газар байжээ.