Орхоны ай савыг хамгаалахад 31.9 тэрбум төгрөг тусгахыг дэмжив

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын дэд дарга Г.Батхүү Орхон голын ай савыг хамгаалахад зориулж 31.9 тэрбум, орон нутагт худаг гаргахад зориулж 25 тэрбум төгрөгийг 2012 оны төсөст тусгах санал гаргасныг Байнгын хорооны гишүүд дэмжив. Таван аймгийн нутгийг дайран урсдаг, 100 гаруй мянган хүн ундаалдаг Орхон гол алт олборлогчдын балгаар урсгал нь татарч, ус нь бохирдоод буй. Тиймээс Орхоны ай савыг хамгаалах шаардлага цаг үеийнх. Худаг усны тухайд манай улсын хэмжээнд 25 мянган худаг гаргах шаардлагатай атлаа жилд мянга орчмыг нь гаргаж байгаа аж. “Хэрэв орон нутагт тоног төхөөрөмжийг нь аваад өгчихвөл бага зардлаар, жилд олон худаг гаргах бололцоо бүрдэнэ. УИХ Бэлчээрийн тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Худаг усны асуудлыг шийдвэрлэхгүй бол бэлчээрийг хамгаалж, зохистой ашиглуулах, эзэмшүүлэх бололцоогүй. Тиймээс малчдын амьдралыг дээшлүүлье гэж байгаа бол худаг гаргах асуудлыг дэмжих хэрэгтэй” хэмээн УИХ-ын дэд дарга Г.Батхүү Байнгын хорооны гишүүдэд хандсаныг гишүүд дэмжсэн юм.