Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны
2220 жил, Их монгол улсаа байгуулсны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын
100 жил, Ардын хувьсгалын 90 жил, Драмын Эрдмийн Театрын 80 жилийн ойг
тохиолдуулан зарласан түүхэн жүжгийн зохиолын уралдаанд тэргүүн байрыг
Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг шалгарсан билээ. Энэ
“Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээр Улсын драмын эрдмийн театрын уран
бүтээлчид өвөл цагийн нээлтээ хийсэн. Өнгөрсөн аравдугаар сарын 28-нд нээлтийн
тоглолтоо хийсэн “Тэнгэрийн хүү” туульсын жүжгийг энэ сарын 7, 13, 22, 26,
29-нд 19.00 цагаас дахин тоглох юм. Тус жүжгийг УДЭТ-ын найруулагч соёлын
тэргүүний ажилтан Н.Наранбаатар найруулан, ерөнхий зураачаар соёлын тэргүүний
ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од,
ассистент найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин, конструктор
зураачаар Т.Түмэн-Өлзий, компьютер графикаар Т.Аянга, гэрлийн найруулагчаар
соёлын тэргүүний ажилтан Ц.Эрдэнэбат, жүжиг чимэглэлийн эрхлэгч соёлын
тэргүүний ажилтан Н.Батбилэг нар ажиллажээ. Харин жүжгийн гол дүр буюу Модун
Шаньюйд жүжигчин Г.Эрдэнбилэг, Түмэн Шаньюйд Б.Жаргалсайхан, Түмэн Шанюйн их
хатанд Н.Сувд, бага хатанд У.Уранчимэг, Арваадай хунтайжид С.Ариунбямба, Лүүсүү
ванд П.Цэрэндагва нарын авъяаслаг жүжигчид болон УДЭТ-ын уран бүтээлчид бүрэн
бүрэлдэхүүнээ оролцон тоглосон байна. Жүжгийн тасалбарын үнэ суудлын
зэрэглэлээс хамаарч партерт 15000-20000 төгрөг, бельэтаж 10000 төгрөгийн үнэтэй
байгаа аж. Тасалбарыг УДЭТ-ын кассаар худалдаалж байна.