“Монголын үдэш” Шведийн Лунд хотод

Швед улсын Сконе мужийн Лунд хотод “Монголын Үдэш” арга хэмжээ болов. Шведийн Сконе мужид ажиллаж амьдардаг монгол залуучуудын үүсгэл санаачлагаар байгуулагдсан “Sweden Mongolia” Сангийн хамт олон энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд нутгийн иргэд, зочид Монголын тухай бичил кино болон бяцхан хүүхдүүд монгол бүжиг бүжихийг үзэж, Сангийн үйл ажиллагаа, түүнээс хэрэгжүүлж буй төсөлтэй танилцаж, бууз, хуушуур зэрэг Монгол хоол амтлав. ХБНГУ-д ажиллаж, амьдардаг “Хосоо ба трансмонголиа” хамтлаг энэхүү арга хэмжээнд урилгаар оролцон морин хуур, хөөмийн тоглолт үзүүлсэн нь үзэгч олныг үнэхээр гайхуулж, шагшруулж байв. Монголыг сонирхогч, дэмжигчид цугларсан энэхүү арга хэмжээнд Стокгольм хот болон Дани улсад амьдардаг монголчуудын төлөөлөл оролцсоны гадна “Төв аймгийн” гэж алдаршсан, Монгол улсын гавъяат жүжигчин Банзрагч ая дуугаа өргөж, Монгол улсаас Шведийн Вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах оролцон үг хэлж, баяр хүргэлээ. Монголын сурталчилгааны энэ удаагийн арга хэмжээний онцлог нь Монголын түүх, түүний дотор Чингис хааны нэртэй олон талаар холбоотой Лунд хотноо болсоноороо онцлог байлаа. Лунд хотноо 1954 оноос өмнө “Djingis Khan” нэртэй театр ажиллаж байснаас гадна өнөөдөр “Djingis Khan” нэртэй Дүүрэг, оршин суугчдын хоршоолол /манайхаар бол СӨХ/, тэр ч байтугай 4 одтой зочид буудал өнөөг хүртэл байдаг ажээ. Чингис хаанаар овоглосон байгууллага, газрууд Лунд хотноо цөөнгүй байдгийн учир шалтгааныг ухаж үзвээс Швед улсын эрдэмтэд, судлаачдын зүгээс 19 дүгээр зууны эцэс 20 дугаар зууны эхэнд хийж байсан Төв Ази судлалын ажил Лундын Их сургууль дээр төвлөрч байсны гадна Свэн Хеддин зэрэг судлаачдын цуглуулсан Төв Азийн төдийгүй Монголын судалгааны түүхэн олдворууд нь энэхүү их сургуульд хадгалагдаж ирсэнтэй холбоотой ажээ.