Сүүлийн
жилүүдэд аялал жуулчлал дэлхий даяар тогтвортой хөгжиж, эдийн засгийн чухал
салбаруудын нэг болсон. Иймээс 2030 он гэхэд олон улсад жуулчлах хүний тоо 1.8
тэрбумд хүрэх тооцоог Солонгост болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллага
/ДАЖБ/-ын Ерөнхий ассамблейн XIX чуулганы үеэр гаргасан байна. Чуулганд манай
улсаас БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Ц.Оргодол, БОАЖ-ын сайдын ахлах
зөвлөх Ц.Дамдин нар оролцжээ. Энэ үеэр тус байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн
тэргүүнээр Кени Улсыг сонгож, Ливи Улсыг бүрэн эрхт гишүүнээр хүлээж авчээ. Мөн
ирэх оны Дэлхийн аялал жуулчлалын өдрийг “Аялал жуулчлал ба тогтвортой эрчим
хүч-тогтвортой хөгжлийг дээшлүүлэх” сэдвээр Испани улс, 2013 оныг “Аялал
жуулчлал ба ус-ирээдүйгээ хамгаалах” сэдвээр Малдиви улс зохион байгуулахаар
тогтсон байна. Уг байгууллага одоогийн байдлаар 155 гишүүн оронтой бөгөөд манай
улс 1993 онд гишүүнээр нь элсэж, энэ жилээс бүрэн эрхт гишүүн болсон. Ингэснээр
олон улсын болон бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын эзлэх байр суурь дээшилж,
гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, аялал жуулчлалын гадаад харилцааг эрчимтэй
хөгжүүлэх боломж бүрдэх юм.