Төв
аймгийн Эрдэнэ суманд Цонжинболдог хэмээх газар бий. Энд Чингис хааны аварга
том морьт хөшөө байдаг бөгөөд суурь барилгын хамт 40 метр өндөр юм. Хөшөөт цогцолборын
нийт талбай 212 га. Мориных нь хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч
жижигхэн кино танхимд уг байгууламжийг хэрхэн яаж бүтээж эхэлсэн тухай богино
хэмжээний баримтат киног үзэж сонирхоно. Дараа нь морины дэл буй талбайгаас
хавь ойрын газрын байгалийн үзэмжийг тольдох боломжтой. Тэндээс Бурхан халдун
уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой
чухал дурсгалт газрууд харагддаг. Хөшөөний суурь бүхий дугуй барилга нь 36
баганатай бөгөөд энэхүү тоо нь Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг
илэрхийлж байгаа ажээ. Барилгын дотор талд уран зургийн галерей, Хүннүгийн
үеийн олдвор бүхий музей, ресторан, хурлын танхим, уулзалтын өрөө, биллярд
өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр, үйлчилгээний байгууллагууд байрладаг.
Хэдийгээр монголчууд нийтээрээ мэддэг ч Чингис хааныг дүрсэлсэн уг аварга хөшөө
нь дэлхийн олон орны жуулчдыг татах соронз болж байгаа юм.