“Дэлхийн угсаатны хөгжим судлалын гран при”-ийн эзнээр Монгол хүн шалгарлаа

Дэлхийн угсаатны хөгжмийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдэд олгодог “Дэлхийн угсаатны хөгжим судлалын гран при” шагналыг туульч, цуурч Э.Баатаржав хүртжээ. Дэлхийн угсаатны хөгжим судлалын агентлагаас “түүний 78-100 жилийн турш огт ашиглагдаагүй, мартагдаад байсан нуман хуур, чашга, дудар хөгжмийг олон улсын хөгжмийн урын санд оруулж, шинжлэх ухааны судалгаа хийснийг өндрөөр үнэлэн уг шагналыг олгон угсаатны хөгжмийн ханхүүгээр өргөмжлөсөн байна. Туульч, цуурч Э.Баатаржав нь  дэлхийн нүүдэлчдийн язгуур өв соёлын төвийн тэргүүнээр ажилладаг ба сүүлийн 20 орчим жилийн турш угсаатны хөгжмийг судлахын зэрэгцээ 40 гаруй оронд лекц уншиж, “Монгол урианхайн хөөмий”, “Монгол Алтайн тууль, цуур” баримтат киног олны хүртээл болгож, “Хөөмийн холбоо”, “Хүннү, урианхай аялгуу” цомгийг хэвлүүлсэн ажээ.