Гонгорын бумба тахих ёслол Амарбаясгалант хийдэд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг билээ. Энэ жилийн тахилга 8-р сарын 12-14-нд болох гэнэ. Мөн цамын их ёслол 9-р сарын 5-7-нд болох ажээ. Гонгор бурхан нь шашныг хамгаалагч арван хангал бурхдын нэг бөгөөд саад тотгорыг арилгахаас гадна эд хөрөнгийг арвижуулагч, хамгийн хүчтэй баян болгогч бурхан юм. Зургаан мутарт, баруун дээд мутартаа чандмань эрдэнэ, зүүн дээд мутартаа эрдэнээр дүүрэн гавал, дунд хоёр мутартаа ядуу хоосныг арилгагч очир дигүг, гурван ертөнцийг сүрээр дарагч гурван үзүүрт сэрээ, доод талын хоёр мутартаа дагинасыг дуудах хонх, гох дэгээг тус тус барьсан байна. Хөл доороо 2 толгойт заан буюу Ганэшя хэмээх эд хөрөнгийн бурхныг гишгэсэн байна. Энэ нь Ганэшя бурхныг ч бодсоныхоо дагуу дийлэх хүч чадалтай гэсэн утгыг илэрхийлж байдаг.