Жуулчдын улирлын ид үе буюу 7-р сарын нэгний байдлаар манай улсыг зорьсон гийчид нэмэгдсэн таатай мэдээ байна. Өнгөрсөн жил санхүү, эдийн засгийн хямрал, H1N1 вирусын дэгдэлт идэвхжсэн зэргээс шалтгаалан жуулчдын тоо 20 хувиар буураад байсан юм. Тэгвэл энэ оны эхний хагаст манайд 233.612 гадаадын иргэн айлчилсан нь өнгөрсөн оны мөн үеэс 50,9 хувиар давсан тоо ажээ. Тэднээс Ази болон Номхон далайн орны иргэд тал хувийг нь эзэлж, Европынхон удаалж байгаа бол Африк тивээс 214 жуулчин ирсэн нь сүүл мушгиж байна. Аялал жуулчлалын үндэсний төвөөс гаргасан мэдээгээр эдгээр жуулчин манай эдийн засагт 88.3 сая долларын орлого оруулаад байгаа гэнэ.