НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын гишүүн орнуудын Х бага хурал анх удаагаа Ази тивд, тодруулбал Өмнөд Солонгос улсын Чанвон хотноо болж байна. Бага хуралд улс орнуудын төрийн удирдлагаас гадна иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, ТББ-уудын төлөөлөл 3000 гаруй хүн оролцож байгаа ажээ. Манай улсаас БОАЖ-ын сайд Л.Гансүх төлөөлөгчдийн хамт оролцож байга юм байна. Тэд өнөөдөр маргааш дээд төвшний удирдлагуудын уулзалт, дугуй ширээний хуралдаанд оролцох ажээ. ЦТК-ын 10 жилийн стратеги төлөвлөгөөг эрчимжүүлэх суурь тавьж, нөхцөл бүрдүүлэх нь Х бага хурлын гол зорилго . Шинжлэх ухааны мэдлэг, ололтуудад түшиглэн конвенцыг хэрэгжүүлэх, улс орнуудын Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг конвенцын 10 жилийн стратегитэй уялдуулан шинэчлэх гэсэн үндсэн хоёр асуудал үүнд багтаж байгаа гэнэ. Бага хурлаар 1993 онд батлагдсан ЦТК-ын хэрэгжилтийн байдлыг түлхүү хэлэлцэж байгаа юм байна. Тус конвенц Биологийн олон янз байдлын болон Уур амьсгалын конвенцтой нягт уялдаатай хэрэгжиж ирснийг оролцогчид онцлон тэмдэглэж байна. Цөлжилт, газрын доройтол нь ядуурлыг нэмэгдүүлж, хүнсний аюулгүй байдал, нялхсын эндэгдэл зэрэг бусад асуудалд асар их үр нөлөө үзүүлсээр ирсэн. Үүнтэй холбодуулан энэ оны есдүгээр сард Нью-Йорк хотноо чуулсан дэлхийн 20 орны удирдагч дээрх асуудлыг бодлогын төвшинд хэрхэн хүргэж, тусгах тухай ярилцаж хэлэлцсэн юм. Бага хурлаас гарах санал зөвлөмжийн хэрэгжилтийг ахиулах, дэмжих зорилгоор “Чанвоны санаачилга” хэмээх баримт бичгийг хурлаас гаргах ажээ. Энэхүү баримт бичигт гарын үсэг зурснаар хүлээн авагч орон Х бага хурлаас гарсан санал, зөвлөмжийн хэрэгжилтэд ахиц гаргахад чармайн оролцохоо илэрхийлж байгаа ажээ. Түүнчлэн энэхүү санаачилгаар “Амьдралын төлөөх газар” хэмээх шинэ шагналын төрөл бий болох ба энэ тухай бага хурлын хаалтын үеэр албан ёсоор улс орнуудад зарлах юм байна.