Япон дахь монголчуудын холбоо, МҮХАҮТ-ын Япон дахь салбартай хамтран Токиод өвөрмөц, сонин баярыг анх удаагаа зохион байгуулах гэж байна. Ирэх жил тохиох Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг угтан “Монголын намар-айрагны баяр 2011” арга хэмжээг энэ сарын 22-нд хийхээр болжээ.
Газар хөдлөлтөд нэрвэгдсэн япончуудад сэтгэлийн дэм, мөнгөн хандив өгөх зорилготой уг наадмын үеэр монгол айрагны жинхэнэ амтыг япончуудад мэдрүүлэх юм байна. Түүнчлэн наадмын чимэг болж, Хакүхо, Харүмафүжи тэргүүтэй монгол сүмочид ая дууны мэндчилгээ өргөж, дэмбээ зааж өгөх гэнэ. Наадмын үеэр монгол хоол ундааны мухлаг ажиллуулж, шагай, оньсон тоглоомоор наадан, ардын дуу, бүжгийн тоглолт болох юм байна.