“National Geographic”-аас жил бүр шилдэг фото зураг шалгаруулах “Photo contest 2011” уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаагийн уралдааны хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй фото зураг сонирхогчдын дунд өнгөрсөн сарын 1-нээс шалгаруулалт явуулж эхэлсэн юм байна. Тус уралдаанд “Байгаль”, “Хүн”, “Газар” гэсэн гурван сэдвээр оролцох боломжтой гэнэ. Одоогийн байдлаар манай улсаас Н.Цолмон, П.Жаргал нарын зурагчид оролцож байгаа ажээ. Н.Цолмонгийн хувьд “Хүн” сэдвийн гурван зураг илгээсэн бөгөөд “Бүргэдтэй анчин” зураг нь өндөр оноо авчээ. Түүний энэхүү зураг “National Geographic” сэтгүүлийн редакцийн зүгээс долоо хоног бүр тодруулдаг шилдэг зургуудын эгнээнд багтаж онлайн үзэсгэлэндээ байрлуулжээ.