Японд жуулчлах хүсэлтэй иргэдэд үнэгүй тийз олгоно


Японы Засгийн газар гадаадын жуулчдыг татах үүднээс арван мянган хүнд үнэгүй тийз олгохоор төлөвлөж байгаа гэнэ. Тус улсын аялал жуулчлалын компаниас уг арга хэмжээг зохион байгуулах бөгөөд  аялал нь 2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2013 оны гуравдугаар 31-нийг хооронд хүчинтэй байх юм байна. Тэд азтай жуулчинд ердөө нэг болзол тавих гэнэ. Энэ нь аялсан газрынхаа талаар интернэтэд блог нээн дэлгэрэнгүй бичих ёстой ажээ. Харин Японд аялах хүсэлтэй гадаадын иргэд интернэтээр дамжуулан тус улсын аялал жуучлалын байгууллагуудын цахим хуудас руу орж анкетаа бөглөхөд л хангалттай гэнэ. Улмаар дээрх байгууллагууд эл аргаар өөрийн оронд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхээр зэхэж байгаа юм байна. Өнгөрсөн гуравдугаар сард Японд болсон хүчтэй газар хөдлөлт, цунами болон "Фүкүшима-1" АЦС-д гарсан ослын улмаас тус улсад ирэх жуулчдын тоо эрс цөөрсөн нь ийм арга хэмжээ авахад хүргэсэн гэнэ. Үүнтэй холбогдуулан төр засгаас аялал жуулчлалын компаниудад 14 сая ам.доллар зарцуулахаар болжээ. Байгалийн гамшгийн улмаас энэ онд Японд энэ салбар 62.5 хувиар буурсан гэх үзүүлэлттэй гарчээ. Үүнээс өмнө тус улсад аялах жуулчдын тоо нэмэгдэж байсан бөгөөд 2010 он гэхэд энэ тоо 8.6 сая байжээ. Харин байгалийн гамшиг болсноос хойш огцом буурсан ажээ.