Хужиртын нислэгийг сэргээнэ


Өвөрхангай аймгийн Хужирт суманд “Тэнгэрийн улаач” компанийн 12 хүний суудалтай, L410 онгоц туршилтын нислэгээр амжилттай газарджээ. Туршилтын буюу техникийн хэмээн нэрлэдэг эл нислэгээр онгоцны багийнхнаас гадна ИНЕГ-ын Нислэгийн стандартын хэлтсийн дарга М.Эрдэнэбатмөнх, “Тэнгэрийн улаач” компанийн гүйцэтгэх захирал У.Галбадрах тэргүүтэй есөн зорчигч зорчсон байна.

Хужирт сум 6800 гаруй хүн амтай, гурван рашаан сувилал, таван жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын том бүс нутаг билээ. Сүүлийн жилүүдэд тус сумыг зорих жуулчид, амрагчдын тоо эрс нэмэгджээ. Зөвхөн 2010 онд л гэхэд гурван рашаан сувилалд 12 мянга гаруй хүн амарсан бол жуулчны баазуудад 300 гаруй жуулчин ирсэн байна. Үүнтэй холбоотойгоор амрагчид, Хужирт сумын иргэд тойргоос нь сонгогдсон УИХ-ын дэд дарга Г.Батхүүд хандаж арав гаруй жил завсарласан нислэгийг сэргээж өгөх хүсэлтийг удаа дараа тавьж байсан ажээ. Энэ дагуу УИХ-ын дэд дарга Г.Батхүү  ИНЕГ-т хандсан агаад авиа компаниуд судалгаа хийж эхэлжээ. “Тэнгэрийн улаач” компанийн тухайд Чехэд үйлдвэрлэсэн L410 болон жижиг онгоцуудаар тогтмол  эсвэл захиалгат нислэг үйлдэх бололцоотой ажээ. “Тэнгэрийн улаач” компанийн туршилтын нислэг Хужиртаас цааш үргэлжилж онгоц Арвайхээр хотод газарджээ. Харин энэ үеэр Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн хүүхдийн эмч Д.Тогтохдулам хүнд өвчтөн хот руу авч явах гэж байсантай таарч онгоцоор авчирсан байна. Өвөрхангай аймгийн Хужирт сумын нислэгийг сэргээх туршилтын нислэг амжилттай болжээ.