Тужийн нарсны таримал ойг улсын ойн санд хүлээн авлаа


Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны таримал ойг улсын ойн санд хүлээн авах ёслолын ажиллагаа 2011 оны аравдугаар сарын 8-нд Тужийн нарсны Хар горхи гэдэг газарт болжээ. БОАЖЯ-наас өрнүүлж буй Байгаль хамгаалах намрын сарын аяны хүрээнд орон даяар өрнүүлэх Бүх нийтээр мод тарих өдрийг угтан зохион байгуулсан энэ ажилд БОАЖ-ын сайд Л.Гансүх, Сангийн сайд С.Баярцогт, Ойн газрын дарга М.Тунгалаг, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, “Ноёд” группын ерөнхийлөгч Х.Буяндорж, Тужийн нарсыг нөхөн сэргээхэд оролцсон аж ахуйн нэгжийн төлөөлөл болон хэвлэл мэдээллийнхэн оролцсон байна. Мөн Ойн газар, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дархан, Сэлэнгэ аймгуудын БОАЖГ зэрэг БОАЖЯ, харъяа байгууллагын төлөөлөл Тужийн нарсны ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг дүгнэж тайлагналаа. Ойн ихээхэн талбайг хамарсан удаа дараагийн түймэр (1986, 1989, 1992, 1995, 1997, 1998, 2002 онуудад), хууль бус мод бэлтгэл, эмх замбараагүй ашиглалтын нөлөөгөөр тус ойн нөөц их хэмжээгээр хомсдож, Тужийн нарсан ойн тархалтын нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь устсан юм. Иймд Тужийн нарсны ойг нөхөн сэргээх, хөрсний хэв шинжийг алдагдуулахгүй, цөлжүүлэхгүйн үүднээс Засгийн газраас нөхөн сэргээх бодлого баримтлан, улсын хөрөнгөөр ойжуулсан. Одоогоор 22626.4 га тайлбайд ойжуулалт хийгээд байгаа ба тарьсан модны амьдралт 78.4 хувьтай байгаа гэнэ. Тужийн нарсны тусгай хамгаалалтай газрын ойжуулах шаардлагатай талбай дууссан байна. Тужийн нарсыг ойжуулах ажил 2002 онд “Зууны мэдээ” /одоогийн “Үндэсний шуудан”/ сонины уриалгаар олон нийтийн ажил болж эрчимжсэн түүхтэй. Ойжуулалт, байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг ойжуулалт, мод үржүүлгийн чиглэлээр мэргэшсэн “Ой ан төв”, Бугант групп, “Ой баясах” ХХК, “Өргөн сэлэнгэ” ХХК, “Сэлэнгэ шим мандал” ХХК, “Монстент” ХХК зэрэг ойн мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлсэн ажээ.
Олон жилийн тасралтгүй, уйгагүй хөдөлмөр зарцуулсан энэ ажилд маш идэвхтэй оролцсон Сэлэнгэ аймгийн “Бугант” групп, иргэн Алтанцэцэг, Нэргүй, Эрдэнэчимэг, Гандөш болон “Ноёд” групп, Х.Буяндорж, Т.Ариунаа /МУГЖ/, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Зууны мэдээ” сонины хамт олонд БОАЖ-ын сайд Л.Гансүх талархал илэрхийлсэн байна. Ёслолын үеэр мөн Тужийн нарсыг ойжуулах ажилд хичээл зүтгэл гаргасан ойжуулагчдад шангал гардуулжээ. Гар, сэтгэлээрээ тарьж ургуулсан энэ ойг орон нутаг хамгаалалтад авч, тэр дундаа ойн түймрээс сэргийлж чадвал цаашид Тужийн нарсан таримал ой байгалийн аясаар ургах чадвартай болсныг сайд орон нутгийн удирдлагуудад онцлон хэлсэн ажээ.