НАСА Хар нууранд санаа тавижээ


НАСА-гийн эрдэмтэд Завхан аймгийн Хар нуурын зургийг сансраас авчээ. Ийн онцлох шалтгаан нь Хар нуур 5000 жилийн өмнө үүссэн бөгөөд дэлхийн хамгийн эртний нуурын тоонд багтдаг юм байна. Түүнчлэн эх газрын дунд орших хамгийн өвөрмөц тогтоцтой нуур ажээ. Хар нуурын ус хавар нэмэгдэж, зун татардаг бөгөөд энэ үзэгдэл бичил биет болон шувуудад сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Хар нуур нь Товхош уулын бэлд байдаг юм. Уг уулын давсархаг элсний нүүдэл нууранд ихээр орох болсон нь экосистемд сөргөөр нөлөөлөх магадлалтай хэмээн судлаачид таамаглажээ. Энэ нь нуурын ус зун татарч буйтай ч холбоотой байж мэдэх гэнэ. Тиймээс дэлхийн хамгийн эртний нууранд тооцогдох Хар нуурыг монголчууд элсний нүүдлээс хамгаалах хэрэгтэй хэмээн НАСА-гийн албан ёсны цахим хуудсанд бичсэн байна.