“Амь тавих” дөхсөн Сэлбийг сэргээн засварлах ажил амжилттай үргэлжилж байна

Хэнтийн нурууны баруун хойд салбар уулсаас эх аван 35 км газар урсаж, Туул голын баруун хэсэгт цутгадаг Сэлбэ гол ширгэх дөхөөд олон жилийн нүүрийг үзэж байгаа. Шагайгаар татах ус нь гантай жил амь тавих дөхөж арай хийж өнөөдрийг хүртэл урсаж байна. Гэвч үүлтэй тэнгэрт нар цэлмэх шиг нэгэн сайхан мэдээ дуулдаад удаж байгаа. Энэ бол Монголд анх удаа гэж хэлж болох голын урсацыг нэмэгдүүлэх орчин тойрныг тохижуулах ажил эхэлсэн таатай мэдээ билээ. Сэлбийн урсацыг нэмэгдүүлж орчин тойрныг нь бүрэн тохижуулах “Сэлбэ гол” төсөл ажил эхлээд 20 гаруй хонож байна. Энэ бол нийслэлчүүдийн хувьд тун баяртай мэдээ билээ. Энэхүү төсөл 100 хувь биелж үр дүнд хүрвэл ёстой л магнай тэнийлгэх мэдээ гэдэг энэ биз ээ.Улаанбаатар хотын дундуур урсдаг Сэлбэ голыг сэргээх эхний төслийн хүрээнд Их Тойруугийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх 1.2 км хэсгийг тохижуулан, урсацыг нэмэгдүүлэх юм байна.  Ингэхийн тулд 1966 оны үерийн дараа барьсан ч өдгөө эвдэрч хэмхэрсэн 1.8 км урт төмөр бетонон хашлагыг нурааж, шинэчлэх аж.Одоогийн байдлаар 350 метр газрын усны голдирлыг өөрчилж баруун талаас нь зүүн талын эрэг рүү нь түр зайлуулжээ. Улмаар хоёр талын даланг нь бэхжүүлэх ажил хийж байгаа юм байна. Харин усны урсацыг хөрсний болон үерийн ус ашиглан нэмэгдүүлэх шийдлийг төслийнхөн сонгожээ. Тухайлбал, Улаанбаатар хотын төв ба хойд хэсгийн хөрсний усыг зайлуулах шүүрүүлийн байгууламжийн 800 мм голчтой хоолойгоор 220 литр/секунд хурдтай урсан ирэх усыг шахуургын станцын тусламжтайгаар зуны улиралд Сэлбэд нийлүүлэн өвөлд нь Туул гол руу урсгах юм байна. Орчин тойрны тохижилтын ажлын хүрээнд шахуургын станцын тусламжтайгаар тус бүр 20 цацруулагчтай 20 м урттай хоёр эгнээ оргилуур ажиллуулахаар зураг төсөлд тусгажээ. Ойролцоогоор 6-7 метр өндөр уг оргилуур нь мөн орчин үеийн гэрэлтүүлэгтэй байна. Хуучин барьсан далангийн өргөнтэй харьцуулахад гол хэтэрхий нарийхан тул зай талбайг ашиглан, голын хоёр талаар хүмүүс сууж болох чулуун шат хийхээр тооцоолжээ.  Харин өвөл хоёр хэсгийн 0.9 га талбайг мөсөн гулгуур болгон ашиглах юм байна.  Сүүлийн хэдэн жилд энэ тэнд гол ус ширгэж, татарсан тухай л мэдээ дуулддаг болсон Монголчуудын хувьд Сэлбийг сэргээн засварлах ажил үнэхээр ч нүдээ олсон ажил болж байна.