“Нэн
ховор, ховор амьтдыг хамгаалах” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын
хуралдаанаар хэлэлцэн баталжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нэн ховор, ховор
амьтдын тархац нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, уугуул нутагт нь
хамгаалж, сэргээн нутагшуулах зарчим баримтлана. Мөн мазаалай, хавтгай, монгол
бөхөн зэрэг устаж болзошгүй нэн ховор амьтдын удмын санг хамгаалах, ан амьтдыг
хамгаалах, өсгөн үржүүлэх гээд төрийн гүйцэтгэх зарим ажил, үйлчилгээг төрийн
бус байгууллага болон мэргэжлийн холбоод, иргэний нөхөрлөлд тодорхой нөхцөл,
болзлын дагуу гэрээний үндсэн дээр хариуцуулах, ан амьтдыг ашиглагч нь
хамгаалдаг, төлбөр төлдөг байхыг зорьж байна. Хөтөлбөрийг 2021 он хүртэл хоёр
үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд улсын болон орон нутгийн төсөв, Байгаль хамгаалах
сан, олон улсын байгууллага, хандивлагч орны тусламж, хандив, бусад эх
үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Манай улс олон улсын 14 конвенцид нэгдэн
орсон бөгөөд “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын
хэмжээнд худалдаалах тухай” конвенцид 55 зүйл, “Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг
хамгаалах тухай” конвенцид 81 зүйл, дэлхийн ховордсон амьтны жагсаалтад 19 зүйл
амьтан бүртгэгдсэн байна.