Ардын бүжигчид “Гран при”-тэй ирлээ

Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын үндэсний гоцлол бүжгийн олон улсын “Венок дружбы” уралдаанд манай бүжигчид амжилттай оролцоод ирлээ. Энэ нь ОХУ-ын Соёлын яамны ивээл дор болдог, жилээс жилд цар хүрээ нь тэлж буй мэргэжлийн бүжигчдийн олон улсын уралдаан юм. Улаан-Үдэд өнгөрсөн сарын 25-наас 29-нд болсон энэхүү уралдаанд ОХУ, БНХАУ, Монгол зэрэг арваад орны бүжигчид үндэсний бүжгээрээ өрсөлдөж, эхний байруудыг манай уран бүтээлчид авчээ. Тухайлбал, ЦДБЭЧ-ын гоцлол бүжигчин Х.Юүлэхорол гран при хүртэж, СУИС-ийн Бүжгийн урлагийн тэнхимийн III дамжааны оюутан Д.Ариунболд, IV дамжааны оюутан А.Мөнгөнчимэг нар хоёрдугаар байрт шалгарчээ.