Байгаль орчин, Аялал жуулчлалын яам болон Аялал жуулчлалын үндэсний төвөөс хамтран орон нутагт анх удаа “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг тохиолдуулан “Сарлагийн баяр”-ыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт энэ сарын 26-нд зохион байгуулжээ.
Монголын аялал жуулчлалын арга
хэмжээнүүд жилээс жилд өргөжиж, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, нүүдлийн
соёл иргэншлийг дэлхийд сурталчлах, сонирхуулах үүднээс олон арга хэмжээ зохион
байгуулдгийн нэг нь “Сарлагийн баяр” юм. Ийм ч учраас “Сарлагийн баяр” жуулчид
төдийгүй монголчуудын сонирхон үзэх дуртай спортын баяр болон хөгжиж байна.
Хамгийн бартаатай, хад асгатай уулсаар бэлчдэг сарлаг хэмээх сүр бараатай
амьтныг уралдуулж, сарлагийн поло тоглох, бугуйлдан булгиулах тэмцээн
өдөрлөгийн үеэр олны анхаарлыг ихээр татжээ. Зүсэлж өгсөн сарлагийг бугуйлдах,
бугуйлдан барьсан сарлагийнхаа булгианд тэсч үлдэнэ гэдэг малчин залуусын
авхаалж самбааг шаардсан хэцүү ажлаас гадна томоохон урлаг болох нь харагдаж
байв. Энэ удаагийн үйл ажиллагаанд Өвөрхангай аймгийн Уянга, Зүүнбаян-Улаан,
Хужирт, Бат-Өлзий сумдын баг нийт 20 тамирчин, малчин иргэд, 150 гаруй сарлаг
оролцуулж “Сарлагийн поло”, “Сарлагийн уралдаан”, “Сарлаг булгиулах тэмцээн”,
“Сайхан сарлаг”, “Сарлагийн шилдэг сүүн бүтээгдэхүүн”, “Сарлагийн шилдэг гар
урлалын бүтээгдэхүүн” гэсэн зургаан төрлөөр өрсөлдөн авхаалж самбаагаа сорьсон
байна. Өдөрлөгийн үеэр мөн малчид, иргэд өөрсдийн гараар хийж бүтээснээ олон
нийтэд сурталчилжээ.