“Time” сэтгүүл сар бүр нэг улс болон хотыг онцлон гэрэл зургийн сурвалжлага хийдэг бөгөөд өнгөрсөн сард Монголыг дуранджээ. “Нүүдэлчин уламжлалаа хадгалан үлдсэн Монгол Улс уул уурхайн үүцээ задалж, дэлхийн тавцанд шинэ имижээр дахин мандаж байна. Эдийн засаг нь үсрэнгүй хөгжиж байгаа ч тус улсад зургийн аппарат гэж юу байдгийг мэдэхгүй хүн цөөнгүй аж” хэмээн Ванесса Холландэр, Уйлсон Филипп нар бичсэн байна.
Мөн тэд Монголын нүүдэлчдэд анхны гэрэл зургийг нь дарж өгсөн тухайгаа дурджээ. “Тэд өөрсдийнхөө гэрэл зургийг хараад яг л хүүхэд шиг хөөрч байсан. Поларойд аппаратыг бүтээгээд 60 орчим жил болж байгааг тэд мэддэггүй” хэмээн онцолжээ.
Ванесса Холландэр, Уйлсон Филипп нар Төв, Сэлэнгэ болон говийн аймгуудаар арван өдөр аялсан байна. Монголчууд махаа гэрийнхээ хананд хатааж хэрэглэдэг, малын гэдэс дотрыг иддэг, нэг айл жижиг дүүргийн дайтай газар нутаг эзлэн оршдог зэрэг нь америкчуудын сонирхлыг ихэд татаж буй гэнэ.