Монголын археологийн хосгүй үнэт олдворууд байрны хонгилд хадгалагдаж байна


Монгол Улсад хүн анх амьдарч байсныг илтгэх хосгүй үнэт олдворууд орон сууцны хонгилд хадгалагдаж байна. Шинжлэх ухааы академийн Археологийн музей орон сууцны хонгилын хоёр өрөөнд шоовдорлогдон байгаа ажээ. 2009 онд дэлхийн археологийн шилдэг олдвороор шалгарсан "мөсөн хүн"-ий хэрэглэлүүд, чулуун зэвсэг, хүрэл, төмөр, Хүннүгийн үеийн дуулга, ваар, сэлэм, гоёл чимэглэл, Монголыг бугын хөшөөний нутгаар өргөмжлөх хэмжээний хадан зураг гээд археологийн үнэт олдворууд бүгд тэнд байгаа. Хүн анх Монголд үүссэн байж болохыг илтгэх гавал, XIII дугаар зууны үед амьдарч байсан Египетийн фараоны баг, олон улсын хэмжээнд худалдааны бүс байж болохыг өгүүлсэн олдворуудыг хүртэл эгнүүлэн өржээ. Цаг хугацааны тухайд нэг сая 300 жилийн өмнөх үеэс эхлэн Хүннүгийн үе хүртэлх олдворууд багтана. Энэ нь 800 мянган жилийн өмнөөс эхлэн МЭӨ 3000 жилийн үеийн чулуун зэвсэг болон хүрэл үеийн хутга, зэвүүд, дуулга, тогой, зуузай, шөвөг, хуруувч, амьтны дүрстэй тээг товруу, даруулга зэрэг зүйлс хамаарч байгаа юм. Гэтэл дэлхийд хосгүйд тооцогдох эдгээр олдворыг орон сууцны хонгилд үзүүлэн болгон дэлгэжээ. Чийг ханхалсан хонгилд олдворын өнгө үзэмж, чанар алдагдах, хагарч бутарахаас эхлээд хосгүй үнэт чанараа алдах аюул ойрхон байгааг судлаачид анхааруулж байна. Энэ тухай археологийн музей эрхэлсэн эрхлэгч Р.Эрдэнэцэцэг "Манайх хосгүй үнэтэйд тооцогдох зарим олдвороо тусгай сейфэнд хадгалдаг. Ийм нөхцөлд үзүүлэн болгоод тавьбал хулгайд алдахаас эхлээд бишгүй зовлон бий. Хүннүгийн үеийн тусгай музей байгуулах тухай олон жил хөөцөлдөж, ярьж ирсэн ч ажил хэрэг болсон нь алга. Хурдан л бариасай билээ. Энэ салбарт ажиллаж байгаа мэргэжилтний хувьд хэлэхэд археологийн олдворуудад төр, засгаас анхаарал хандуулахаа больсон. Өнөөдөр стандарт шаардлага хангасан байртай музей ховор шүү дээ. Төрийн ордны музейд хүртэл ус алдаж зарим олдвор гэмтэж бэртсэн гэсэн" гэв. Археологийн музей нь Шинжлэх ухааны академиин ажилтнуудын орон сууцны хонгилд 2006 оноос эхлэн байрлаж эхэлжээ. Музейн ажилтнуудын хэлж буйгаар хосгүй үнэт ховор олдворыг тэнд төдийлөн хадгалдаггүй гэнэ. Тэнд агааржуулалтаас эхлээд хадгалалтын горим 100 хувь зөрчсөн, харуул хамгаалалт байхгүй гээд зөрчил тоймгүй их байна