“Изинис Эйрвэйз” компанийн агаарын хөлгийн тоо дахин нэгээр нэмэгджээ


“Изинис Эйрвэйз” компанийн гадаадаас нэмж, оруулан ирж буй Авро Ар-Жэй 85 онгоц "Чингис Хаан" олон улсын нисэх буудалд 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цаг 40 минутад газарджээ. Английн “Би Эй И (BAE) системс” компанид үйлдвэрлэгдсэн, тийрэлтэт дөрвөн хөдөлгүүр бүхий Авро Ар-Жэй 85 (Avro RJ-85) хөлөг нь 93 зорчигчийн суудалтай, цагт 790 км хурдалж чадах өндөр хурдтай, дуу чимээ бага, тав тухыг дээд зэргээр хангасан агаарын хөлөг юм байна. Тус агаарын хөлгийг “Изинис Эйрвэйз” компани орон нутгийн болон бизнесийн байгууллагуудын захиалгат  нислэгийн үйлчилгээнд ашиглах ажээ. Энэ оны 6 дугаар сард хүлээн авсан эхний Авро Ар-Жэй 85 хөлөг аймаг, сумдын хуваарьт нислэгт ашиглагдаж байгаа бөгөөд цаг хэмнэсэн, ая тухтай аялах боломжийг бүрдүүлэн зорчигч үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээж байгаа юм. “Изинис Эйрвэйз” компани нь Авро Ар-Жэй 85 агаарын хөлгүүдээр онгоцны паркаа өргөжүүлснээр өөрийн нислэгийн цар хүрээ, давтамжаа орон нутаг төдийгүй бүс нутгийн хэмжээнд улам нэмэгдүүлэн, Монгол Улсыг хөрш зэргэлдээ орнуудын бүс нутгуудтай холбож, Зүүн Хойд болон Төв Азийн бүсийн томоохон агаарын тээврийн оролцогч болох зорилгодоо дахин нэг алхмаар ойртож байна. Тус компани нь цаашид агаарын тээврийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээтэй уялдуулан онгоцныхоо  паркийн тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Тус компани нь 2006 онд “Ньюком Групп”-ийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдаж, орон нутгийн 14 чиглэлд хуваарьт болон захиалгат нислэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хайлаар хот болон ОХУ-ын Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотын чиглэлд олон улсын  хуваарьт нислэг үйлдэж байна. Мөн БНХАУ, ОХУ болон Казахстан Улс руу олон улсын захиалгат нислэг үйлддэг. “Изинис Эйрвэйз” компани нь “Люфтханза Техник” компанитай түншлэн ажиллах гэрээ байгуулан онгоцны засвар, техникийн үйлчилгээг өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр ажиллаж байгаа ажээ. “Люфтханза Техник” компани нь “Изинис Эйрвэйз” компанийн инженерүүдийг олон улсын хэмжээний техникийн сургалтуудад хамруулах бөгөөд цаашид агаарын хөлгийн техник, үйлчилгээг дотоодын мэргэжилтнүүд бие даан дагнан гүйцэтгэдэг болох ажээ.