БСШУ-ны дэд сайд Ч.Куланда БНХАУ-ын Соёлын дэд сайд Жао
Шао Хуатай уулзах үеэр “Соёлын биет бус өвийг хамгаалах салбарт хамтран ажиллах
тухай Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, БНХАУ-ЫН Соёлын Яам
хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зуржээ. Энэхүү хуралдаан нь хоёр орны соёлын
дэд сайд нарын ахалсан удирдах хорооны анхдугаар уулзалт юм байна.
Хуралдааны үеэр талууд соёлын биет бус өвийн чиглэлээрх хамтын ажиллагааг
нэгтгэн дүгнэж цаашдын үйл ажиллагааг тодорхойлохын зэрэгцээ соёлын биет бус
өвийн талаар мэдээлэл харилцан солилцох, нээлттэй эрх тэгш байдлаар асуудалд
хандаж нийгэмд үүсч болох аливаа үл ойлголцлоос урьдчилан сэргийлэх, найрсаг
хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан ярилцжээ. 2009 онд
Хөөмийг БНХАУ-ын зүгээс ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Биет бус Соёлын өвийн
жагсаалтад нэр дэвшүүлэн бүртгүүлсэнээс үүдэн олон нийтийн дунд сөрөг уур
амьсгал, эсэргүүцэл үүссэн бөгөөд энэхүү байдлыг дахин давтахгүйн тулд 2010
оны гуравдугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо “Соёлын биет бус
өвийг хамгаалах тухай хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг”-т
Монгол Улсын БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, БНХАУ-ын Соёлын сайд Цай Ву нар гарын
үсэг зурсан. Харилцан тохирч байгуулсан баримт бичиг нь олон нийтийн
эсэргүүцлийг эвээр зохицуулах, үл ойлголцлыг залруулах цаашид ижил төстэй
маргаан гарахаас урьдчилан сэргийлэх, хоёр орны хооронд харилцан ойлголцол
найрсаг харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.