Итали улсад элчин сайдын яам ажиллуулна


Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотноо Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Их Хуралд өргөн мэдүүлэхээр болжээ.

Итали Улс манай орны үндсэн түүхий эд болох ноос, ноолуур, арьс шир зэрэг мал аж ахуйн гаралтай түүхий эд, алт, бусад эрдэс баялгийг боловсруулах технологиороо дэлхийд тэргүүлдэг. Энэ нь дээрх салбаруудад дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хөгжүүлэх ихээхэн боломжтой гэсэн үг юм.

Мөн Элчин сайдаа яамаа нээн ажиллуулах нь Европын Холбоо, тэр дундаа “Их найм”-ын гишүүн, манай улсад хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд зээл олгож, тусламж үзүүлдэг Итали Улстай худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн хөгжүүлэх, Ромд төвтэй олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд улсынхаа бодит оролцоог нэмэгдүүлэх, тус улсад оршин сууж байгаа иргэдийнхээ хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах зэрэгт чухал хувь нэмэртэй гэж үзэж байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.