Далай ламын хойд дүр есөн настай хүү Монголоос тодорсон гэсэн мэдээллийг Далай ламын хэвлэлийн алба үгүйсгэжээ. Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай ламын хувийн нарийн бичгийн дарга Тензин Тахла “Далай ламын хойд дүрийг Монголоос тодруулсан гэсэн мэдээлэл Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан нь ташаа мэдээлэл” гэж мэдэгдсэн ажээ. Тэрбээр цааш нь “Энэ мэдээлэл яагаад гарах болсныг бид ойлгохгүй байна” хэмээн өгүүлжээ. Дээрх мэдээллийг тодруулахаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд очсон боловч хамба лам Д.Чойжамц байгаагүй бөгөөд хэвлэлийн төлөөлөгч Б.Даваапүрэвээс тодруулсан байна. Тэрбээр “Тийм юм ерөөсөө болоогүй. Энэ чинь зүгээр л гадуур хэн нэгний гаргасан цуурхал. Шал худлаа зүйл. Сэтгүүлчид угаасаа ийм худлаа юмаар юм бичсэний хэрэггүй. Ер нь энэ асуудлаар хамба лам яриа өгөхгүй. Тэгээд ч хамбатай уулзахад хэвлэлийн төлөөлөгчөөр дамжиж биш, нарийн бичигтэй нь уулзаж цаг авч байгаад уулздаг юм” гэсэн байна.