Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тэмдэглэнэ

 

Дэлхийн 154 орныг энгээндээ нэгтгэсэн Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-аас жил бүрийн 9-р сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. 1979 оны 9-р сард Испани улсын Торремолинас (Тorremolinas city) хотод болсон дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий ассамблейн III чуулганаас энэ өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргаж, 1980 оноос тэмдэглэж эхэлжээ. Манай улс 1990 онд ДАЖБ-ын гишүүн болсон бөгөөд 2007 оноос эл өдрийг салбарын хэмжээнд хамтдаа тэмдэглэсээр ирсэн билээ. ДАЖБ нь дэлхийн аялал жуулчлалын зах зээлийн хандлага, хөгжлийн талаар судалгаа явуулж, талуудад мэдээлдгээс гадна талуудын тус салбарын боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг НҮБ-ын харъяа төрөлжсөн байгууллагын нэг юм.
Монгол Улс 1990 онд тус байгууллагын гишүүнээр элссэн бөгөөд 2010 он хүртэл гишүүний татвараа төлөөгүй байсан тул санал өгөх эрх бүхий жинхэнэ гишүүн болж чадаагүй байв.
БОАЖЯ-наас 2010 онд гишүүний татварыг нөхөн төлөх, ДАЖБ-тай хамтран ажиллах, тэднээс мэргэжил арга зүйн туслалцаа авах тал дээр анхааран ажилласны дүнд 2011 оны гуравдугаар сард зохион байгуулагдсан ДАЖБ-ын Ази Номхон далайн орнуудын XXIII хуралд Монгол Улс бүрэн эрхт гишүүн улсын хувиар оролцлоо. Ингэснээр олон улсын болон бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын эзлэх байр суурь дээшилж, аялал жуулчлал хөгжүүлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тус байгууллагын хэмжээнд танилцуулан, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, аялал жуулчлалын гадаад харилцааг эрчимтэй хөгжүүлэх боломжоор хангагдлаа.
Жил болгоны дэлхийн аялал жуулчлалын өдрийг тодорхой сэдвийн дор, аялал жуулчлал хөгжиж буй оронд зохиодог. Энэ жил “Аялал жуулчлал-Соёлын нэгдэл” сэдвийн дор дэлхийн соёлын томоохон өлгий нутаг Египет улсын нийслэл Асван хэмээх аялал жуулчлалын бүс нутагт тэмдэглэн өнгөрүүлэхээр болоод байна.